Та халуун усаар нүүрээ угааж, өдрийн турш хэд хэдэн удаа пудрээр будалтаа сэргээх дуртай юу? Хэрвээ тийм бол энэ нийтлэлийг заавал ч үгүй анхааралдаа аваарай. Бид хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй, арьсанд сөргөөр нөлөөлдөг жижиг муу зуршлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн жагсаалаа
13-р байр. Та нүүрээ цэвэрлэхдээ бага цаг зарцуулдаг
Юуны түрүүнд хөөс эсвэл гель хэлбэрийн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг арьсан дээрээ 30 секундийн турш байлгах хэрэгтэй. Хэрвээ та хагас минутаас бага хугацаанд нүүрээ угаадаг бол, арьс тань бүрэн цэвэрлэгдэхгүй гэсэн үг юм. Гэхдээ нөгөөтээгүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнийг арьсандаа хэт удаан хүргэх нь бас муу үр дагавартай байдаг. Липидийн давхарга гэмтэж, арьс илүү эмзэг болох аюултай. Ерөнхийдөө цэвэрлэгээний зориулалттай косметикийн бүтээгдэхүүнүүд зүгээр ч нэг арьсны гадаргуу дээрх бохирыг устгах биш, бүүр эсийн мембран руу нэвтрэн ордгийг анхааралдаа авах хэрэгтэй шүү.
12-р байр. Та цэвэрлэгч маскны тухай мартчихдаг
Та хуурай арьстай байсан ч хамаагүй, долоо хоногтоо ядаж нэг удаа заавал ч үгүй цэвэрлэгч маск ашиглаж байх хэрэгтэй. Арьсны бөглөрсөн нүхнүүд өөрсдийгөө цэвэрлэж чадахгүй шүү дээ. Тэгээд ч төгс цэвэрлэгдсэн арьс өдөр болон шөнийн тэжээлийн бүтээгдэхүүнийг өөртөө илүү сайн шингээж, эерэг үр нөлөөгийн илүү хурдан хүртдэг. Таны цэвэрлэгч маскны найрлагад эрдсийн шавар ба замгийн ханд багтсан байвал бүүр сайн шүү.
11-р байр. Та нүүрнийхээ будгаа зөвхөн цэвэрлэгч гелиэр арилгадаг
Нүүр цэвэрлэх үе шат бол таны арьсны эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлөх, маш чухал хэсэг. Тиймээс энэ асуудал дээр хэзээ ч халтуурдаж болохгүй. Нүүрээ угаахынхаа өмнө арьсаа мицелляр ус эсвэл будаг арилгах зориулалттай тусгай бүтээгдэхүүн шингээсэн хөвөнгөөр арчиж байхаа буу мартаарай. Зөвхөн үүний дараа л нүүрээ цэвэрлэгч гель эсвэл хөөсөөр угааж байх хэрэгтэй юм.
10-р байр. Та ваннд хэвтэх дуртай
Өдөр бүр ваннд хэвтэж стрессээ тайлах дуртай юу? Энэ нь таны арьсанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй зуршил юм шүү. Халуун усны нөлөөнд таны арьс уян хатан байдлаа алдаж, суларч эхэлдэг. Мөн түүнчлэн маш ихээр хуурайшдаг. Тиймээс хамгийн ихдээ долоо хоногтоо нэг л удаа ваннд хэвтэж байхыг зөвлөх байна.
9-р байр. Та шүршүүрт орохдоо нүүрээ угаадаг
Шүршүүрт орох үедээ нүүрнийхээ арьсыг халуун бас даралттай уснаас аль болох хол байлгаарай. Халуун ус бидний арьсанд ямар хор уршиг үзүүлдгийг бид дээр дурдсан байгаа. Ерөнхийдөө бидний арьс халуун усанд өртөх тусам илүү их себум ялгаруулж эхэлдэг. Тэгэхээр хэрвээ таны арьс тослог эсвэл эмзэг бол халуун шүршүүр танд бүүр ч хүндээр нөлөөлнө гэсэг үг. Арьсаа үргэлж хүйтэн бүлээн усаар угааж байгаарай.
8-р байр. Та шүршүүрээс гарч ирсний нэн даруй арьсаа чийгшүүлдэггүй
Шүршүүрт эсвэл ваннд орсныхоо дараа нүүрээ алчуураар биш, харин хавтгай хөвөнгөөр зөөлөн хатааж байхыг зөвлөж байна. Хэрвээ алчуур хэрэглэх дуртай бол, алчуураа өдөр бүр ариутгаж, цэвэрлэж байгаарай. Бага зэрэг чийгтэй арьсыг өөрийнхөө арьсныхаа төрөлд тохирсон тоникоор арчиж, үүний дараагаар чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Арьсаа бүрэн хаттал нь арчих нь таны арьсыг хуурайшуулдаг байна. Тэгээд ч тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг бага зэрэг чийгтэй арьсан дээр түрхэх заалттай байдаг. Ус бол аливаа бүтээгдэхүүний шим тэжээлийг арьс руу хүргэдэг дамжуулагч юм.
7-р байр. Та чийгшүүлэгч тос түрхсэнийхээ дараа шууд суурь кремээ тавьж эхэлдэг
Нүүрээ зөв будахын тулд та эхлээд арьсаа цэвэрлэж, дараа нь өдрийн тос түрхэж, тосыг шингэсний дараа (үүнд хэдэн минут шаардагдана) арьсаа чийгтэй салфеткаар бага зэрэг норгож, хамгийн эцэст нь суурь кремээ түрхэх хэрэгтэй байдаг. Ийм зөв дарааллын үр дүнд таны арьс сурталчилгаан дээр гардаг шиг өөгүй сайхан, тэгш хэмтэй харагдах болно.
6-р байр. Та арьсаа өглөө цэвэрлэдэггүй
Арьсаа цэвэрлэхдээ арьсныхаа биоритмыг сайн ойлгож байх хэрэгтэй. Өдрийн хугацаанд таны арьс унтаж, харин шөнө идэвхтэй ажилладаг. Шөнийн хугацаанд арьсны себум ялгарч, эпидермисын үхсэн эсүүд гуужиж, арьс шинэчлэгддэг. Ийм учраас өглөө арьсыг сэрэх үед сайтар цэвэрлэж байх нь их чухал. Бидний дээр дурдсанчлан цэвэрлэгээндээ ойролцоогоор 30 секунд зарцуулаарай.

5-р байр. Та арьсаа хэтэрхий ойр ойрхон гуужуулдаг
Арьсаа хэтэрхий ойр ойрхон скрабдах нь бас л маш том алдаа юм. Эмзэг арьстай бүсгүйчүүд арьсаа зуны цагт долоо хоногтоо хоёроос гурван удаа, харин өвөлдөө ердөө нэг юм уу хоёр удаа л гуужуулж байх хэрэгтэй.
4-р байр. Та усан бассейнд орсныхоо дараа арьсаа дутуу цэвэрлэдэг
Хэрвээ та сэлэх дуртай бол, арьсандаа илүү их анхаарал хандуулж байгаарай. Учир нь бассейнд орсны дараа арьсан дээр хлорын эд хэсгүүд үлдчихдэг. Тэдгээр үлдэгдэл хэсгүүд дараагаар нь бусад бүтээгдэхүүнүүдтэй урвалд орох аюултай тул бассейнын дараа арьсаа дор хаяж хоёр удаа гелиэр угааж байгаарай.
3-р байр. Та нүүрэндээ гараараа хүрдэг
Гараараа шанаагаа тулах дуртай бүсгүйчүүдийн анхааралд! Гараараа арьсандаа хүрэхийг хүсвэл эхлээд нь заавал ч үгүй ариутгах хэрэгтэй. Эс тэгвээс таны дух эсвэл эрүү, шанаанд батга үүсэх аюултай юм.
2-р байр. Та нүүр будах явцдаа хөмсгөө зулгаадаг
BB крем түрхэх явцдаа хажуугаар нь мөн хөмсгөө зулгаадаг бол та арьсаа мөн л аюулд өртүүлж байна гэсэн үг. Хөмсөг зулгаасан хэсэгт арьсан дээр жижиг шарх үүсдэг тул, шархыг аниагүй үед нүүрэндээ бусад бүтээгдэхүүн хүргэвэл таны арьс руү нян орох аюул үүснэ.
1-р байр. Та өдөрт хэд хэдэн удаа пудр хэрэглэдэг
Орчин үеийн пудруудын найрлага улам хөгжингүй болж, арьсанд үзүүлэх хор нөлөө нь харьцангуй багасаж байгаа ч, өдөрт хэд хэдэн удаа арьсаа пудэрдэх нь маш буруу зуршил юм. Таны түрхсэн пудрны давхарга бүрд арьснаас ялгарсан себум шингэсэн байдаг тул энэ нь арьсны нүхийг улам их бөглөж байдаг. Тэгэхээр өдөржингөө пудр давхарлахын оронд тос шингээгч зориулалтын цаасыг хэрэглэж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж:http://buro247.mn/beauty/expert/tany-arsand-s-rg-r-n-l-lzh-buy-13-muu-zurshil.html