Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй байдаг. Сарын тэмдгийн мөчлөг хэвийн болтол дунджаар 8-14 сар болдог ч хурдан буюу 2 сар, удаан буюу 42 сарын дараа сарын тэмдэг тогмолжох тохиолдол бий.
Төрсний дараах цус ялгаралт
Ихэнх эмэгтэйчүүд төрсний дараа үтрээнээс цусархаг зүйл ялгарахыг сарын тэмдэгтэй андуурдаг. Энэ нь ихэнхдээ 2 сар орчим /ялангуяа кесарево хагалгааны дараа/ үргэлжилдэг.
Төрсний дараа сарын тэмдэг дахин хэзээ ирдэг вэ?
Төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа нь хүүхдээ хөхүүлдэг эсэхээс хамаарч харилцан адилгүй байдаг. Хөхүүл үед эхийн бие организмд пролактин хэмээх даавар ялгарч эхэлдэг бөгөөд энэ дааврын нөлөөгөөр сүү боловсорч эхэлдэг байна. Үүний зэрэгцээ пролактин нь өндгөвчинд үүсэх дааврын ялгаралтыг дарангуйлдгаас өндгөн эс боловсрох, ялгарах явцад саад болж байдаг. Тиймээс хүүхдээ зөвхөн хөхөөрөө хооллож буй үед сарын тэмдэг ирэх нь ховор бөгөөд харин хүүхэд нэмэгдэл хоолонд орсон үеэс үзэгдэж эхэлдэг. Хэрвээ хүүхэд анхнаасаа холимог тэжээлтэй байсан бол төрсний дараах 3-4 дэх сараас, огт хөхүүлээгүй бол 2 дахь сараас сарын тэмдэг ирдэг.
Төрсний дараа сарын тэмдэгт өөрчлөлт орох уу?
Төрсний дараа ихэнх тохиолдолд сарын тэмдэг өмнөхийг бодвол өвдөлттэй, их хэмжээгээр ирдэг. Сарын тэмдгийн өмнөх синдром /СТӨС/ илрэх нь ихэсч сэтгэлээр амархан унаж, уйламтгай болох, хөх, толгой өвдөх, хавагнах, үе мөчөөр өвдөх, харшил хөдлөх, мартамхай, нойр муутай болно. Хүүхдийг хөхөөр хооллож байгаа үед, сарын тэмдэг үзэгдэхгүй байгаа хэдий ч эмч нар жирэмснээс хамгаалахыг зөвлөдөг.
Төрсний дараа эмэгтэй хүний бие организмын бүх систем бүрэн сэргэж, сав нь буцаад хэвийн байдалдаа орсны дараа сарын тэмдгийн мөчлөг тогтворжино.