Гайхмаар олон бүсгүйчүүд магтаалыг яаж хүлээж авахаа мэдэхгүй самгарддаг. Тэгээд л бол эрс эсэргүүцэх юм уу, эсвэл сайхан үг сонсохоороо хацраа дараад дуугаа хураачихна. Зарим нь бүр дэмий бялдууч зан гэж үзээд уурлах нь ч бий. Бидний “цэвэр ичимхий” сэтгэлзүйд хүний магтаалыг шууд хүлээн зөвшөөрч болохгүй, тэгвэл дэндүү онгироо харагдана гэсэн бодол байдаг. Харин одоо үүнээс салах цаг болжээ.
Ингэхээ боль:
• Өөрийгөө доош нь хийх: Таныг ямар гялалзсан үстэй юм бэ гэж хэлсэн хүний өөдөөс “Үгүй ээ, энэ хэсгээрээ баахан салаалчихаад байхад чинь” гэж хэлэх хэрэггүй. Магтаалыг нь үгүйсгэх мянган шалтгаан байлаа ч чимээгүй л өнгөр.
• Нөгөө хүнээ “үнэнээсээ” хэлээгүй гэж батлахыг оролдох: “Чи өнөөдөр их хөөрхөн харагдаж байна” гэснийхээ хариуд хэн л “За, чи хэзээ надад ийм сайн ханддаг болоо вэ?” гэж хэлүүлэхийг хүсэх вэ дээ. Зарим үед таны зөв байж болох ч, магтуулж байгаа тохиолдолд ингэх нь эсрэг талын хүнээ доромжилж байгаагаас өөрцгүй. • Сул талуудаа тодотгож хэлэх: Магтаал бол таны сул биш давуу талуудад өргөлт өгөх “үүрэг”-тэй эд. Танд алдаа дутагдлаа засч янзлах цаг зав өчнөөн л гарч таараа. Гэхдээ магтуулж байхдаа л биш шүү!
• Танд хэлсэн магтаалыг бусдад шилжүүлэх: Сайхан үг гэдэг час халуун бөмбөг юм гэж үү? Бушуухан шиг өөр хүнд дамжуулах хэрэг байхгүйсэн. Гэтэл бид заримдаа олон хүний хажууд магтуулахаараа, ганцаараа хүмүүсийн анхаарлыг татахаас ичиж, дэргэдэх хүнээ бүр илүү сайшааж эхэлдэг. Та ч бас магтуулах эрхтэй бүсгүй юм.
• “Азаар л” гэдэг үгийг оюун санаанаасаа хас: Таны бүх амжилт сохор аз байсан мэтээр бусдад ойлгуулах нь, таныг чадваргүй нэгэн болгож харагдуулна. Хариуцлагаас мултрах гэхийн оронд, үүнийг баяртайгаар хүлээж аваад илүү их хичээхэд л хангалттай.
• Сунжирсан тайлбар хэлэх: “Үгүй ээ, энэ чинь юу ч биш”, “Би хийх ёстойгоо л хийсэн юм” гэлгүй, өөрийгөө магтах боломжийг бусдад олго.
Харин оронд нь ингэж хий:
• Сайн сайхан талуудынхаа эзэн бол: Таны хийсэн магтуулахуйц үйл ол ямар нэг аз байгаагүй. Та яг зөв газраа, зөв цагтаа байж таарсан ч бай, тэр боломжийг шүүрч авсан нь таны л чадвартайнх.
• Талархалтай ханд: Магтаал бол бэлэг. Хэн нэгэн танд бэлэг өгвөл авахгүй гэж зөрүүдлэхгүй биз дээ? Яг үүн шиг сайшаасан үгийг баярлалаа гэж хэлээд талархангуй хүлээж ав.
• Шударга байж, ирээдүйн талаар өөдрөг бодолтой бол. Өөрийнхөө сул талыг дурдахгүй байна гэдэг нь түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй байхаас өөр юм. Хэрэв та заавал хэлэх шаардлагатай тулгарвал “Бидэнд дахиад хийх … ажлууд байгаа. Гэхдээ өдийг хүртэл ийм хэмжээний амжилттай яваадаа баяртай байна” гээрэй.
• Зохих хариуг өг. Хэрэв таныг магтсан хүн өөрөө ч ба магтуулах хэмжээний хүн бол та ч бас түүний давуу талуудыг дурдаарай. Бусдад ч бас хэрхэн хүндлэлтэй ханддагаа харуул.
Сайхан үгээс зайлсхийх нь яг л бусдын хайр хүндэтгэлийг хүлээхээсээ зайлсхийж байгаатай адил юм. Тиймээс магтуулж сурсан юм шиг байгаарай бүсгүй минь.