Өглөө бүр бяцхан үрсээ дуг нойрноос нь сэрээж, уйлуулан байж цэцэрлэгт хүргэдэг эцэг, эхчүүд олон. Тэд хатуу сэтгэлтэйдээ бус уйлуулаад ч хамаагүй цэцэрлэгт нь хүргэж өгөөд, амин зуулгаа залгуулдаг ажилдаа явахын тулд л ингэдэг нь мэдээжийн хэрэг.
Өглөө бүр цэцэрлэгийн багш нар хэдэн зуун уйлсан хүүхдүүдийн дунд гүйж, эцэг, эхчүүд ч хормойдон дагах үрсээ чихэр жимсхэнээр хууран үлдээдэг. Энэ л дүр зураг аль дээр үеэс л байсан.
Гэхдээ бүх хүүхэд уйлдаггүй. Бэлтгэл, дунд бүлгийн “догь гар”-ууд бол ээж, аавыгаа үдэж өгөөд өөрсдөө ангидаа гүйгээд орчихно. Харин анх удаа цэцэрлэгт явж байгаа болон бага бүлгийнхэн уйлж, эцэг эхээ хормойдох нь энүүхэнд. Тэгвэл энэ байдлыг арилгах, хүүхдүүдийг уйлуулахгүй байх аргыг бодож боловсруулсан гэнэ.
Тодруулбал, БСШУЯ-аас Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жил боловсруулж, энэ жилээс орон даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө хот, хөдөөгийн 12 түшиц цэцэрлэгт туршсан нь үр дүнгээ өгсөн байна. Хамгийн үр дүнтэй туршсан газар бол Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэг аж.
Тус цэцэрлэгийн хамт олон “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг боловсруулж хэрэгжүүлсэн байна. Энэ аргачлалын санааг тус цэцэрлэгийн манаач гаргасан талаар эрхлэгч нь ярьсан байсан. Манаач “Би хүүгээ тоглоомын газарт аваачаад тоглуулахаар маргааш нь дахиад явья” гээд байх юм. Цэцэрлэгийг яаж тийм болгох вэ” хэмээн санаагаа хэлэхэд нь цэцэрлэгийн удирдлагууд шүүрч аваад л ажил хэрэг болгосон аж.
Цэцэрлэгийнхэн хичээлийн шинэ жил эхлэхэд шинээр элсч байгаа хүүхдүүдээ эцэг, эхтэй нь хамтран цэцэрлэгт дасгах ажлыг хийжээ. Эхний өдөр эцэг, эх хүүхэдтэйгээ цэцэрлэг дээр ирж нэг цаг тоглоно. Дараагийн өдөр хоёр цаг, дараагийн өдөр гурван цаг.
Иймэрхүү байдлаар аажмаар дасч, цэцэрлэгт тоглоод ирэхээр хүүхэд энэ бол айх орчин биш гэдгийг мэдэрч, тоглоомын газар руу орж байгаа юм шиг айдасгүй, уйлахгүй үлддэг болсон гэнэ. Хоёр жилийн өмнө гарсан энэхүү санаа өнөөдөр амжилттай хэрэгжиж, Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр аймгийн Иргэдийн хурлын дарга нь тогтоол гаргасан байгаа юм.
Энэ бол БСШУЯ-аас хэрэгжүүлж буй Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн нэг үр дүн. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн зорилгыг “Хүүхэд бүрд багаасаа хүмүүний зан чанарын үнэт зүйлс, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицох чадварын суурийг эзэмших, эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй болох, өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход оршино” хэмээн тодорхойлжээ.Сургуулийн өмнөх боловсрол нь хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин төлөвших насан туршийн боловсролын чухал үе гэдэг.
Энэ л үед нь эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш нар хамтран үүргээ биелүүлэх учиртай. Үүнийг ч сургалтын цөм хөтөлбөрт багтааж өгчээ. Том зүйл өчүүхэн зүйлээс эхэлдэг гэдэг. Мөн орчин үеийн хүүхдүүд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй, шинэ сорилтууд бүхий нийгэмд өсч, хөгжиж, тэр хэрээрээ оюун ухаан, хэл ам нь гүйцэгдэхээ больж байгааг бид гайхдаг.
Тэгвэл тэднийхээ хөгжлийг дагаад бид өөрсдөө ч хөгжих цаг нь болж. Сайн сайхан туршлагуудыг дэлгэрүүлж, түүнийг олон хүнд хүргэх хэрэгтэй байна. Үүнд хүн бүрийн оролцоо хэрэгтэй.
Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүд уйлах ёсгүй. “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг улам боловсронгуй болгож, улс орон даяар хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй. Тиймээс салбар яамнаас санаачилсан хөтөлбөр, сайн жишиг нэвтрүүлж буй газрын ажлыг сайтар дэмжиж, үр дүнд хүргэх л үлдлээ.