Quantcast
Channel: Зөвлөгөө – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 8490

Хүний муу хүнийг эвддэг

$
0
0

4talied4jhpk10oed7vilgc6ua

“Хүний муу хүнийг эвддэг” гэдэг үгийг би нэг эгчээсээ сонсож байсан юм. Тухайн үед нэг их бодол төрүүлээгүй ч, сүүлд олон зүйлийг эргэцүүлж байхад үнэн үг байжээ гэж бодогдох болсон. Би анхны хараалын үгээ 10 дугаар ангид байхдаа хэлж билээ.

Тэр болтол би хэзээ ч хараалын үг хэлж байгаагүй харин тийм үг хэлсэн хүнийг ямар муу хүн бэ гэж бодон жигшдэг байлаа. Гэтэл маш их уур хүрсэн нэг өдрөө би өөрийн мэдэлгүй амнаасаа “хориотой үг” унагасан юм даа. Тухайн үедээ дотор онгойход тусалж байгаа юм шиг санагдсан ч, дараа нь өөрөөсөө их ичиж гайхсан юм даг. Би тэр үгийг олон хүн хэлэхийг сонссоор байсан ч нэг л мэдэхэд надад цээжлэгдсэн байжээ.

Бид төрөхдөө бүгд гэнэн цагаан сэтгэлтэй, нөгөө цагаан цаас шиг гэдэг дээ, тийм л хүмүүс байдаг. Харин орчин тойронд минь байгаа бүх зүйлс бидэнд сайн муу ихийг зааж сургадаг. Бид бусдаас ярих, сурах, хөдөлмөрлөх, зальдах, айлгүйтэх, шүтэн бишрэх, үзэн ядах, хараал хэлэх, дурлах, хайрлах гээд хорвоод байж болох муу сайн бүхнийг үлгэрлэн дуурайдаг. Үүнийхээ адилаар бусдаас сурснаа ч бас бид бусдад эргүүлээд түгээж байдаг. Хүмүүсийн харилцаа гэдэг яг л ийм гинжин холбоо шиг.

Хэрэв чи өөртөө ч бусдад ч хүндлэгдэх нэгэн болохыг хүсч байвал гинжин холбоогоо зөв сонгох ёстой. Өөрөөр хэлвэл бусдаас юуг авч, юуг түгээхээ болгоомжтой сонго гэсэн үг. Ингэхийн тулд өөрийнхөө хүрээллийг зөв бүрдүүлэх нь чухал. Ажилд орсон ч сайн удирдлага, сайн хамтрагч, сайн өрсөлдөгчтэй байхыг эрмэлз. Чамайг ямар ч талаар нь хөгжүүлэхгүй, уруу татсан буруу хүмүүсээс аль болох хол бай. Чиний биширч явдаг даргын чинь ажилдаа ханддаг хандлага, биеэ авч яваа байдал чамд заавал нөлөөгөө өгсөн байдаг юм шүү. Чи анзаарсан л биз дээ. Дарга нь хуурамч зантай, ажилдаа хойрго нэгэн байсан бол чамд ч бас түүний зан чанар нөлөөлж чи нэг л мэдэхэд дээрэнгүй, хувиа хичээгч болсон байх вий. Иймээс чамайг “өөрийнхөө хүссэн хүн” болоход нөлөөлж чадах үлгэр жишээ хүмүүс дунд ажиллах хэрэгтэй.

Чиний үерхдэг найз нөхөд бүгд л эх орноо гэсэн сэтгэлтэй, нөхөрлөлдөө үнэнч, итгэл даах, ухаалаг хүмүүс байдаг бол чи өөрөө ч гэсэн тийм л зантай болсон байдаг. Харин хорт зуршилд автсан, хөнгөн хуумгай явдалтай, гутранги дорой бодолтой явдаг бол чи ч гэсэн тэдэнтэй адилхан биш юмаа гэхэд тэдний нөлөөнд автаж аажим аажмаар эвдэрдэг. Хүнийг найз нөхдөөр нь шинж гэдэг үг эндээс ч гарсан болов уу. Магадгүй чиний сүүлийн үед өөрөөсөө олж хараад байгаа хачин ааш араншин, нийлж байгаа найз нөхөд, ажиллаж байгаа хамт олноос улбаатай ч байж мэднэ.

Иймээс гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гээд өөрийн хүрээлэлдээ үргэлж сайн сайхныг үлгэрлэн манлайлагч байхтун. Гэхдээ чи энийг уншаад би тийм ч амбицтай биш, би даруухан амьдрахыг хичээдэг гэж бодож болно. Гэвч энгийн зүйлс л агуу байдаг юм шүү дээ. Чиний эелдэг энгийн яриа, ажилдаа нягт нямбай байдал, гэр бүлдээ халамжтай, найз нөхөддөө үнэнч итгэлтэй хүн байх, эх орондоо хэрэгтэй, хог хаядаггүй, ус зүгээр л асгаад байдаггүй зөв зуршил чинь чамайг агуу хүн болохыг илтгэнэ. Том компанид ажил хийж, олон хүнтэй нөхөрлөөд байдаггүй ч ар гэртээ үр хүүхэддээ алтан сургаалиа хайрлаж суугаа тэр л энгийн нэгэн эх хүн хамгийн том баатар байдаг. Өөртөө байдаг сайн сайхан чанар бүхнээрээ чи бусдад үргэлж бахархал төрүүлдэг, бусдаас өөр гэдгээ харуулдаг юм.

Гоолингоогийн эрхэм уншигч авхай та ч бас бусдын мууг биш сайныг нь сурч, бусдад мууг биш сайныг үлгэрлэгч нэгэн мөн гэдэгт би итгэлтэй байна.


Viewing all articles
Browse latest Browse all 8490

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>