TIME OUT! Та хоёрын харилцаа хий нь гарчихсан дугуй шиг урагшилж өгөхгүй, гацчихаад байна уу? Бүх зүйл сайхан байхад уг нь та хоёр хамт дэлхийг тойрох чадатай байсансан. Гэтэл одоо хэн хэн нь эцэс төгсгөлгүй маргаан, хүйтэн хөндий, сулбагар байдлаасаа залхчихаад байдаг. Тайвшир даа, хос болгонд “нэг ийм” үе байдаг юм.
Заримдаа харилцаагаа аварч үлдэхэд хүлээцтэй байдал хэрэг болдог. “Баяртай!” гэж хэлэхээсээ өмнө эхлээд түүнээс хэсэг хугацаанд хол байж, бодол санаагаа цэгцлэх гээд үзээрэй. Энэ хооронд та хоёрын хамт байх цаг дууссан уу, аль эсвэл зүгээр л завсарлага авах хэрэгтэй байсан уу гэдэг нь мэдэгдэх болно.
1. Байнгын маргаан.
Нэг нэгнийхээ дутагдалтай талуудыг хүлээн зөвшөөрч, ямар үед яаж аяглахыг нь мэдэрч сурна гэдэг амаргүй ажил. Жаахаан зүйл дээр л маргалдчихаад байвал, та хоёрын аль нэгэнд, эсвэл хоёуланд нь тайлагдаагүй гомдол байсаар байна гэсэн үг. Тэр зангирсан их гомдлын учгийг тайлахын тулд та хоёр нэг бол завсарлага авах хэрэгтэй. Эсвэл аль аль нь ний нуугүй ярилцах хэрэгтэй. Хайрлаж дурлана гэдэг хамтдаа сайхан байхын нэр болохоос, хэрэлдэж муудалцахын нэр биш.
2. Ярилцахаа больсон.
Хүн дургүй байгаа, эсвэл нэг их ач холбогдол өгөхгүй байгаа хүнтэйгээ ярихаа больчихдог. Хэн нэгэнд бүрэн анхаарал хандуулж байгаа үедээ хүн нэг асуултанд хоёр, гурав, эсвэл түүнээс дээш өгүүлбрээр хариулдаг. Тийм, үгүй, мэдэхгүй гэдэг анкет бөглөж байгаа аятай хариултаар л та хоёрын яриа хязгаарлагддаг болсон бол завсарлага авах цаг болжээ.
3. Сексийн дутагдал.
Секс бол хайр дурлалын амьдралын чухал хэсгүүдийн нэг. Секс хос хоёрыг илүү дотно болгохоос гадна, тэднийг холбож байгаа нарийхан утсыг нь эрчилж өгдөг. Чи хамгийн сүүлд хэзээ түүнтэй секс хийснээ санахгүй байгаа бол харилцаа чинь но-той байна л гэсэн үг. Магадгүй өнөөх утасны чинь эрчлээ суларсан байх. Завсарлага аваад бодоод үзээрэй.
4. Холдсон мэт.
Чиний нөхөр, эсвэл найз залуу яагаад ч юм таниас нэг л холдсон мэт мэдрэмж төрж байна уу? Чөгөр гэж, ер нь чи түүнийг хэн болохыг санаж байна уу? Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч эцсийн эцэст хамтдаа үлдэхийн тулд түр зуур тусдаа байх нь дээр ч байж мэднэ. Махан биеэрээ хажууд чинь байгаа ч сэтгэл нь өөр хаа нэгтээ тэнүүчилж одсон хүний хажууд байх хэцүү.
5. Таарч тохирохоо больсон.
Чамайг баруун гэхэд, тэр зүүн гэж зөрүүдлэнэ. Түүнийг дээшээ гэхэд чи доошоо гэнэ. Та хёорын үзэл бодол, харах өнцөг таарахаа больжээ. Нэгэнт л ийм ялгаатай, зөрчилтэй болсон юм чинь өөр өөрийнхөө амьдралыг тусдаа зохиогоод үзвэл ямар вэ?
6. Тусдаа өрөөнд унтаж байгаа.
Тусдаа унтаж байгаа юм бол та хоёр хэзээд нь тэврэлдэж хэвтээд мөрөөдлийнхөө, гэр бүлийнхээ тухай ярилцах болж байна? Хэзээд нь та хоёр секс хийж, хэзээд нь та хоёр өглөө сэрээд бие биенийхээ нйрмог царайг хараад инээмсэглэх болж байна? Унтлагын өрөө бол хосуудыг хамтад нь байлгадаг чухал орон зайны нэг юм шүү. Өөр өөр өрөөнд унтахдаа тултал муудалцсан бол завсарлага аваад үзээрэй.
7. Салах тухай бодол орж ирсэн.
Ганц бие эрх чөлөөтэй байх үеийнхээ талаар сүүлийн үед бодлогширч суух болсон уу? Урьд нь чи түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж ам бардам хэлж чаддаг байсан бол, одоо түүнгүйгээр амьдарсан нь ч дээр юм шиг санагдаж эхэлсэн үү? Энэ бол завсарлага аваад үзэх хангалттай шалтгаан.
8. Аз жаргалгүй байдал.
Хэрвээ чи түүнтэй байхдаа аз жаргалгүй байдаг бол, хамт байгаад хэрэг алга. Хайртай хосууд муудалцсан ч эргээд л нэг өдөр нийлнэ гэдгээ зөн совингоороо мэдэрдэг. Харин чамд тийм мэдрэмж огт төрөхгүй байвал, магадгүй “time out”, биш “time up” болсон ч байж мэднэ. Гэхдээ зөвхөн магадгүй шүү!
“Зөрлөг” киноны төгсгөлд хэлдэг үгийг санаж байна уу? “Маргааш уулзахын тулд өнөөдөр салъя, үүрд хамт байхын тулд маргааш уулзъя” Энэ үгийг амандаа шивнээд, хайртаасаа түрхэн зуур хол байгаад үзээрэй. Та хоёр амьдралд төөрөлдчихөөд байгаа ч юм билүү.